Нийтэлсэн: 2020 он 04 сар 01. 09 цаг 39 минут

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаныхан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Конкиевич Илейн Мари нартай өнөөдөр уулзалт хийлээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, үр дүнтэй ажиллаж байгааг сайшаан тэмдэглээд НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн бүхий л салбарын тоон мэдээллийг сайжруулахад хамтрах бөгөөд ТХЗ-ын тайлан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
ҮСХ-ны дарга А.Ариунзаяа НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын зүгээс үзүүлж буй тусламж дэмжлэгт талархал илэрхийлээд ҮСХ-ноос коронавирусийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийн судалгаа хийсэн талаар танилцуулсан.
ҮСХ-ноос коронавирусийн ААНБ-ын үйл ажиллагаанд болон өрхийн амьжиргаанд нөлөөлөх байдлыг судлах зорилгоор Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд асуулга нэмж, судалгааг эхлүүлсэн билээ.

Тус судалгааны үр дүнгээр Коронавирусийн нөлөөгөөр бий болсон хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулж байгааг судлахаас гадна ямар түвшний амьжиргаатай хүмүүст илүү хүндээр тусч байгааг тодорхойлох боломжтой болох давуу талтай юм.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Короновирусийн нийгэм, эдийн засгийн цогц үнэлгээ хийж байгаа талаар танилцуулж, үүний арга аргачлал дээр дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм.
ҮСХ нь НҮБ түүний төрөлжсөн байгууллагатай сар бүр мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :