Нийтэлсэн: 2019 он 10 сар 04. 14 цаг 21 минут

Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд “Статистик-хэрэглээ” сэдэвт сургалтыг өнөөдөр ҮСХ-ны сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтын гол зорилго Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын төлөөлөгчдөд албан ёсны статистик мэдээллийг танилцуулах, түүний ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэхэд оршино.

Уг сургалтыг нээж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа “Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын эрхэм төлөөлөгч та бүхэнд статистикийн мэдээллийг ашиглах, хэрэглэх талаар энэ сургалтанд ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Монгол Улсын нээлттэй гадаад бодлогын хүрээнд гадаад харилцаа улам өргөжин тэлж, улс төр, эдийн засгийн болон бусад нийгмийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Улс орноо төлөөлөн Монгол Улсад ажиллаж байгаа та бүхэнд манай улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв нэн шаардлагатай байдаг билээ. Улс орнуудын хоорондох улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, худалдаа зэрэг салбарын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого боловсруулах, тодорхойлоход статистикийн мэдээлэл зайлшгүй чухал бөгөөд түүний ач холбогдол улам нэмэгдсээр байна. Өнөөдөр дэлхий нийтээр улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход статистик мэдээлэл ашиглах тал дээр онцгойлон анхаарч байна. Статистикийн мэдээллийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэхийн зэрэгцээ статистикийн мэдээллийг хэрэглэгчдэд илүү энгийн, ойлгомжтой хүргэхэд түлхүү анхаарах шаардлага тулгарсаар байна. Мэдээллээ боловсруулахдаа ойлгомжтой болгохоос гадна анализ, дүгнэлт хийх, тайлбарлах, яг өнөөдөр тулгамдсан асуудал хөндөх зэргээр илүү ажиллах хэрэгтэй болоод байгаа билээ.  Энэхүү зорилтын хүрээнд бид хэрэглэгчдэд зориулсан статистикийн мэдээллийг ашиглах, хэрэглэх талаарх сургалтуудыг үе шаттайгаар Төрийн байгууллага, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгуллагууд, хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагууд, Их, дээд болон ЕБС-уудад зохион байгуулж байна” гэв.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :