Нийтэлсэн: 2019 он 02 сар 15. 16 цаг 10 минут

Цаг ашиглалтын судалгаанд бага насны хүүхдүүд ханиад, томуугаар өвчилснөөс үүдэн эцэг, эхчүүд эдийн засгийн хувьд хэчнээн цаг хугацаа, мөнгө зарцуулж байгааг тодруулах нэмэлт бүлэг асуулга нэмэгдлээ.

Монгол улсын “Статистикийн тухай” хуульд заасны дагуу Цаг ашиглалтын судалгааг энэ онд дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Манай улс Цаг ашиглалтын судалгааг 2000 онд туршилтын байдлаар явуулсан бөгөөд 2004 онд “Статистикийн тухай” хуульд өөрчлөлт оруулснаар 2007 онд анх удаа үндэсний хэмжээнд 3200, 2011 болон 2015 онуудад 4000 өрхийг тус тус хамруулан явуулсан. Энэ удаагийн судалгаанд 5 бүсийг төлөөлүүлэн 4000 өрхөөс мэдээллийг цуглуулах юм.

Манай улсын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн талаарх тоо мэдээлэл нь гол төлөв зах зээлийн үйл ажиллагаанд хүн амын зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэх боломжийг олгодог бол Цаг ашиглалтын судалгаа нь өрхийн түвшинд эдийн засгийн бус үйл ажиллагаанд зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэхэд ашиглагдах мэдээллийн нэг гол эх үүсвэр юм.

ЦАС-ны гол ач холбогдол нь хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж гаргах, хүн амын цаг зарцуулалтын ерөнхий дүр зургийг гаргах, өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, ҮТС-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах түүнчлэн бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоо мэдээллээр хангахад оршино.

Судалгааг зохион байгуулж явуулснаар манай улсын хүн амын амьдралын хэв маяг, амьдралын чанарын талаарх мэдээллийг бий болгох, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалт хийх, бодлого хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хянах, хөлсгүй хөдөлмөрийн талаарх мэдээллийг үндэсний тооцооны данснуудтай зэрэгцүүлэн байгуулах, дагавар дансанд тооцож оруулах боломж бүрдэх төдийгүй жендэрийн статистикийн мэдээллийн санд баяжилт хийгдэнэ. Мөн энэ удаагийн судалгаанд бага насны хүүхдүүд ханиад, томуугаар өвчилснөөс үүдэн эцэг, эхчүүд эдийн засгийн хувьд хэчнээн цаг хугацаа, мөнгө зарцуулж байгааг тодруулахаар нэмэлт бүлэг асуулгыг нэмсэн.

Цаг ашиглалтын судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2019 оны 3, 6, 9, 12 дугаар сарын 3 дахь долоо хоногт зохион байгуулах бөгөөд мэдээлэл цуглуулалтад таблет ашиглан ярилцлага хийх (computer assisted personal interview - CAPI) болон цаасан асуулга ашиглан ярилцлага хийх (paper assisted personal interview - PAPI) аргыг хослуулан ашиглах юм. 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :